info
Сайн байна уу Songdo.mn сайтад тавтай морил!

Артерийн даралт гэж юу вэ?


↺ буцах

Артерийн даралт ихсэлт гэж юу вэ?

Цусны даралт гэдэг нь зүрхнээс шахагдсан цус артерийн судасны хананд учруулах даралтын ачаалал юм.

Артерийн даралт ихсэх өвчин гэдэг нь сүүлийн хоёр долоо хоногт артерийн /цусны/ даралт бууруулах эм хэрэглээгүй үед агших буюу систолын даралт /дээд/ нь 140 мм.муб буюу түүнээс дээш, сулралын буюу диастолын даралт /доод/ нь 90 мм.муб буюу түүнээс дээш ихэсдэг, бусад эрхтэн тогтолцооны эмгэгийн шинж бус анхнаасаа бие даан үүсэж байгаа өвчин юм.

 

 

 

Даралт ихсэх өвчинтэй холбоотой тоо баримт

 

Өнөөдөр дэлхий дээр 1,5 тэрбум хүн цусны даралт ихсэх өвчний зовиуртай амьдарч байна. Түүнээс 55 секунд тутамд нэг хүн уг өвчний улмаас тархины цус харвалтад өртөж, 3,3 минут тутамд нэг хүн харвалтын улмаас нас барж байна.

Цусны даралт ихсэх өвчнийг хүн төрөлхтний чимээгүй алуурчин гэж үзэж байгаа ба зүрх судасны өвчнүүдийн дотроос хамгийн гол өвчинд тооцогддог. Цусны даралт ихсэх өвчин нь тархинд цус харвах шалтгааны 64%, зүрхний шигдээсийн шалтгааны 49%-г эзэлж байна.

 

 

Артерийн даралтын ЗАСАЖ БОЛОХГҮЙ эрсдэлт хүчин зүйлүүдэд:

 

   • Удамшил
   • Нас
   • Хүйс зэргийг хамруулах ба бусад нь засаж болох эрсдэлт хүчин зүйлд хамрагддаг байна.

Удамшил
Удамд нь артерийн даралт ихсэх эмгэг байсан бол анхдагч артерийн даралт ихсэх өвчнөөр өвчлөх магадлал хоёр дахин их байна.

Хүйс
Эрэгтэй хүйс, эмэгтэйчүүд цэвэршилтийн дараа даралт ихсэх магадлал өндөр болдог.

Нас
Нас ахих тусам артерийн судасны хатуурал нэмэгдэж, барорецепторын мэдрэх чадвар бууран зах хязгаарын эсэргүүцэл нэмэгдэж, бөөрний цусан хангамж багасдаг.

 

Артерийн даралтын ЗАСАЖ БОЛОХ эрсдэлт хүчин зүйлүүдэд:

 

Таргалалт
Илүүдэл жинтэй, тарган хүнд артерийн даралт ихсэх нь хэвийн жинтэй хүнээс хоёр дахин, бага жинтэй хүнээс гурав дахин илүү байх магадлалтай гэж үздэг. Биед хуримтлах өөхний байрлал нь артерийн даралт ихсэхэд их нөлөөтэй. Бүсэлхий ташааны харьцаа нэмэгдэх нь артерийн даралт ихсэхтэй шууд холбоотой. Тарган хүн жингээ хасвал артерийн даралт буурна.

Архины хэт хэрэглээ
Артерийн даралт ихсэх тохиолдлын арваас илүү хувь нь архины хэрэглээтэй шууд холбоотой байдаг.

Тамхины хэрэглээ
Тамхи нь эрүүл мэндэд асар их хортой, цагаас эрт үхэлд хүргэдэг гол эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тамхинаас шалтгаалсан 40 гаруй өвчин, 20 орчим төрлийн хавдар байгааг шинжлэх ухаан аль хэдийн нотолсон юм. Тамхины хоронд зөвхөн тамхичид төдийгүй түүний дэргэд байгаа хүмүүс нэрвэгддэг.

Давсны хэрэглээ их байх
Давс нь хүний бие мах бодид шаардлагатай боловч түүнийг хэтрүүлэн хэрэглэх нь цусны даралт ихсэх өвчин, түүний хүндрэл болох тархинд цус харвах, зүрхний титэм судасны хурц дутагдал, мѳн бѳѳрний өвчинд өртөх өндөр эрсдэл дагуулдаг нь нэгэнт нотлогдсон юм. Иймд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас насанд хүрсэн хүн өдөрт цайны халбаганы талаар буюу 2-3 гр давс, хүүхэд түүнээс багаар хэрэглэхийг зөвлөж байна.

Сэтгэлийн хямрал буюу стресс
Стрессийн үед хүний биед адреналин хэмээх даавар их хэмжээтэй ялгардаг. Адреналин нь зүрхний цохилтыг хурдасгаж түргэсгэх, судас агшаах үйлчилгээтэй учраас хүн удаан хугацаанд стресстэй явсны улмаас цусны даралт ихсэх эрсдэлд өртдөг байна.

Жирэмснээс хамгаалах эм хэрэглэх
Ихэнх жирэмснээс хамгаалах эм, бэлдмэлүүд нь гормоны найрлагатай байдаг бөгөөд эдгээр нь артерийн жижиг судаснуудыг агшаадаг. Иймд ахимаг насны /35-с дээш/ болон биеийн жингийн илүүдэлтэй эмэгтэйчүүдэд даралт ихсэх магадлал илүү байдаг байна.