December 19, 201905/20/20201 0 “УБ-Сонгдо” эмнэлэг дурангийн мэс заслын 3D технологийг эмчилгээнд нэвтрүүллээ“УБ-Сонгдо” эмнэлэг мэс заслын эмчилгээндээ 3D технологийг нэвтрүүлжээ. Технологийн давуу боломжуудыг эмчилгээ, оношилгоонд нэвтррүүлснээр иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд чанарт улам бүр нэмэгдэж буй юм. Энэ талаар тус эмнэлгийн Мэс заслын тасгийн эрхлэгч, мэс засалч Б.Лхагвабаяртай ярилцлаа. -Та шинээр нэвтрүүлсэн 3D технологийнхоо талаар уншигчдад танилцуулна уу? -Дурангийн мэс заслын 3D технологийг эмчилгээнд нэвтрүүлээд гурван сар болж байна. Японы “Olympus” брэндийн 2019 оны хамгийн сүүлийн үеийн дурангийн энэхүү төхөөрөмжийг хэвлийн болон цээжний хөндийн дурангийн бүхий л мэс заслын үед ашиглах боломжтой бөгөөд Монголынхоо анагаах ухааны салбарт анх удаа нэвтрүүлээд буй юм. -Мэс заслын үед 3D технологийн тоног төхөөрөмжийг ашигласнаар ямар давуу тал гарах вэ? -Бид өмнө нь 2D технологийн тоног төхөөрөмжүүдийг мэс засалдаа ашиглаж байсан. Шинээр нэвтрүүлсэн 3D технологийн давуу талыг энгийнээр бол 2D, 3D кино үзэхтэй жишиж ойлгож болох юм. Дэлгэцэн дээр бодит мэдрэмжийг бий болгож, тэгснээрээ хүний эд эс, булчин шөрмөсүүдийг илүү нарийн ялгахад маш давуу талтай. Эмч мэргэжилтнүүд ажиллахад маш тодорхой, технологийн хувьд нэмэлт боломжуудыг бий болгосон. 2D-гээр хязгаарлагдмал зүйлийг 3D-гээр илүү тодорхой харах боломжтой. Өндөр хөгжилтэй орнуудад ашиглаж эхэлсэн шинэ технологийг “УБ-Сонгдо” эмнэлэг дурангийн өдөр тутмын хагалгаандаа нэвтрүүллээ. Мөн үүнтэй хамт хавдрын үсэрхийллийн тархалтыг тодосгогч бодис ашиглан маш тодорхой харах технологийг нэвтрүүлэн ашиглаж эхэллээ. Энэ нь өвчтэй хүмүүст ч илүү давуу талтай. -Хавдрын үсэрхийллийг тодорхой харах энэ шинэ технологи нь компьютер томограф, MRI оношилгооноос ямар ялгаатай юм бол? -Компьютер томограф, MRI оношилгоог хагалгааны өмнө, эсвэл дараа хийлгэх боломжтой. Харин манай эмнэлэгт нэвтрүүлсэн технологи нь хавдар аль булчирхайдаа үсэрхийлснийг хагалгааны явцад харах, хавдрын тархалт ямар эд эрхтэнд хүрснийг тодорхойлж, өвчтэй болон эрүүл хэсгийн зааг ялгааг нарийн тодорхойлох боломжтой 3D дурангийн аппарат юм. Өмнө нь хагалгааны үед хавдрын тархалт, бүтцийг нүдээрээ харах, гараар мэдрэх зэрэг эмчийн туршлага, хувь хүний мэдрэмжээр хязгаарлагддаг байсан бол одоо тодосгогч бодис ашиглан дурангийн аппаратаар тусгай туяаны тусламжтайгаар хавдрын үсэрхийллийг маш нарийн тогтоох технологийг нэвтрүүлсэн. Энэ технологийг өндөр хөгжилтэй орнууд ашиглаж байна. Энэхүү оношилгооны тоног төхөөрөмжийн тусламжтайгаар хавдрыг хагалгааны явцад бүрэн авах тул шаардлагагүй эд эрхтэнийг авахаас сэргийлж эрхтэн хадгалж үлдээх боломж бүрдэнэ. Хамгийн гол давуу тал нь энэ. Эрт үеийн хавдрын үед эрхтэн хадгалж үлдэх боломжтойгоороо өвчтөнд маш ээлтэй оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмж юм. Мөн бүх төрлийн хүнд өвчний үед маш үр дүнтэй технологи гэж дэлхийн анагаах ухааны салбарынхан, эмч мэргэжилтнүүд талархан хүлээж авсан -Оношилгоо өндөр түвшинд хүрснээр шаардлагагүй эд эрхтэнийг авахаас сэргийлэх боломж бүрджээ. Та энэ давуу боломжийг уншигчдад тайлбарлаж өгөөч?. -Тухайлбал, Ходоодны хавдрын үед хавдрын эд эсийг үлдээхээс сэргийлж ходоодыг бүтэн авах эмчилгээний заалттай. Харин энэ технологийг нэвтрүүлснээр ходоодны эрт үеийн хавдрын үед тодотгогч бодис ашиглан, дурангийн мэс заслын аргаар хавдрыг дотор талаас нь авч, гаднаас нь мэс заслын эмч хавдар үсэрхийлсэн булчирхайг түүж авна. Ингэж нарийн оношилсноор ходоодыг бүтэн тайрах байсан бол талыг нь тайрна. Тухайн хүний ходоод хадгалагдаж үлдэнэ. Хүнд илүү эд, эрхтэн гэж байхгүй, хүний биеийн эрхтэн тогтолцоо бүгд өөр өөрийн үүрэгтэй. Бид өдөр тутам хийдэг эдгээр хагалгаагаа илүү нарийвчлалтай, өндөр технологийн оношлуур ашиглан хийх таатай нөхцөл бүрдсэнийг иргэдэд дуулгахад таатай байна. Бид өдөр тутмын хагалгаандаа энэхүү нарийн технологиудыг ашиглаж байгаа бөгөөд ялангуяа хөх, бамбай булчирхайн хагалгаа, хэвлий, цээжний хөндийд хийдэг хагалгаануудыг орчин үеийн дурангийн мэс заслын аргаар хийж эхлээд гурван сар болж байна. -Тэгэхээр хагалгааны өртөг нэмэгдэх болов уу? -Өмнө нь хийж байсан хагалгаануудтай өртөг нь ойролцоо байгаа. -Өндөр түвшний оношилгооны тоног төхөөрөмжийг ашигласнаар хагалгааны дараа өвчтөн нөхөн сэргэх хугацаа ч богиносох байх, тийм үү? -Тийм ээ. Өндөр технологийн оношлуурын тусламжтайгаар мэс засал хийж байгаа учир өвчтөнд шарх сорви бага учруулна. Хагалгааны дараа нөхөн сэргэх хугацаа богино учир хэвийн ажил, амьдралдаа хурдан шилжинэ гэсэн үг. Нөгөө талаар мэс заслын эмчид ч илүү бодит орчин бүрдүүлдэг. Ер нь дэлхий дахин анагаах ухаанд ялангуяа мэс заслын эмчилгээнд технологийн давуу талуудыг өргөн ашигласнаар мэс заслын эмчилгээнд илүү үр дүнг өгч байна. -3D технологийн хөгжлийн дараагийн үе нь юу вэ? -Робот хагалгаа. Бид дурангийн технологийн давуу боломжуудыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүллээ. Энэ бол робот хагалгааны өмнөх үе. Робот хагалгааны өртөг өндөр учир одоогоор манай нөхцөлд хараахан нэвтрээгүй байна. Робот хагалгааны гол давуу тал нь 3D технологийг нэвтрүүлсэнд байдаг. 3D дурангийн хагалгааны тоног нь төхөөрөмжүүд Санхүүгийн хувьд хямд боловч робот хагалгаатай дүйцэхүйц хэмжээний үр дүнг үзүүлдэг технологи юм. Мэс засал хийлгэж байгаа хүн бүхэн энэ технологийн давуу талыг хүртэх нөхцөл бүрдэж байна.
Leave a Reply