Хөхөө авхуулах нь эмэгтэйчүүдийн амьдралын чанар, сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг болон хөх нөхөн сэргээх мэс заслын талаар Улаанбаатар Сонгдо эмнэлгийн эмч, Нөхөн сэргээх, гоо сайхны мэс засалч Г.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
– Хөхөө авхуулсны дараа бие болоод сэтгэл зүйд ямар ямар хүндрэл гарч болох талаар яриагаа эхэлье?
– Хорт хавдрын улмаас хөхөө авхуулсны дараа олон асуудал гарч ирдэг. Хөх гэдэг бол тухайн хүний эмэгтэйлэг байдлыг илэрхийлж байдаг, гоо сайхны болоод сэтгэл зүйн чухал хэмжигдэхүүн. Түүнчлэн хөх нь эмэгтэй хүний гормоны зохицуулалтад оролцож байдаг чухал эрхтэн.
Хорт хавдар гэдэг хүнд өвчний улмаас яалт ч үгүй нэг талын хөхийг авчихдаг. Энэ нь сэтгэл зүйд, ахуй амьдралд нь маш том цохилт болж орж ирдэг.
Бие болоод сэтгэл зүйн хувьд тогтвортой байгаа нөхцөлийг эрүүл мэнд гэж ойлгоно. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд тогтвортой, сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд хөх нөхөн сэргээх мэс заслыг хийдэг.
Нөхөн сэргээх, гоо сайхны мэс заслын эмчийн хувьд би энэ хагалгааг хийлгэх шаардлагатай гэж хэлнэ. Хорт хавдартай гэдгээ мэдсэн үеэс эхлээд л хүн маш их сэтгэл санааны дарамтад орж эхэлдэг. Үүн дээрээ хөхөө авхуулахаар ямар хэмжээний дарамттай тулгарах нь тодорхой. Тиймээс зайлшгүй шаардлагатай гэж хэлж байгаа юм.
Бүх насаараа цээжиндээ даавуу, парлон чихээд л тэр нь дээшээ доошоо болоод л явах нь маш түвэгтэй. Энэ мэтчилэн маш их хүндрэл гардаг.
“35-аас дээш насны эмэгтэйчүүд жилд нэг удаа заавал урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэх хэрэгтэй”
– Хөхөө авхуулах нь зөвхөн эрүүл мэнд, сэтгэл зүйгээр тогтохгүй нийгмийн харилцаа ажлын чадамжид ч сөргөөр нөлөөлөх нь. Тэгвэл хөхний хорт хавдар ямар насанд зонхилон тохиолддог юм бэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
– Хөхний хорт хавдар дийлэнх тохиолдол 40-өөс дээш насанд тохиолдож байгаа. Тэгэхээр 35-аас дээш насныхан жилд нэг удаа заавал хөхний рентген зураг авхуулж, эмчид үзүүлж байх ёстой.
Манайд урьдчилан сэргийлэх үзлэг хийгдэхгүй, үзлэгт хамрагдаж чадахгүй байгаа учраас хөхөн дотор 4 см, 5 см том зүйл бий болсны дараа тэмтэрч үзээд эмчид ханддаг. Энэ үед хэдийн хавдар хүндэрсэн байдаг.
Энэ үед хавдрын мэс заслын эмч аль болох томоор нь буюу хавдар дахихгүй байх үндэслэлээ баталгаажуулахын тулд хөхийг бүтнээр авахыг зорьдог. Харин нөхөн сэргээх мэс заслын эмч бол яавал энэ эрхтэнг авч үлдэх вэ гэж хардаг. Энэ бол мэргэжлийн эмч нарын хоорондын ялгаа. Ийм нөхцөлд аль ч талыг буруутгах боломжгүй. Заримдаа бүхлээр нь авах нь зөв, заримдаа шаардлагагүй байдаг.
Манайд хөхийг бүхлээр нь авах хагалгаа түгээмэл байгааг солонгос эмч нарт хэлэхээр “Бид 1970, 1980 онд яг тэгдэг байсан” гэдэг. Тэгэхээр бид 40, 50 жилийн хоцрогдлоо аль болох богино хугацаанд зарим зүйлийг нь алгасаад туулахыг зорих хэрэгтэй байна.
Манай Улаанбаатар Сонгдо эмнэлэг БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэгтэй хамтарч ажилладаг бөгөөд би жил бүр очиж суралцдаг юм. Тус эмнэлгийн эмч нар шар будааны хэмжээтэй хорт хавдрыг оношлох боломжтой PET CT ашиглан оношилгоо хийж байна. Эрт оношлогдсон хавдрыг хөхийг авахгүйгээр эмчлэх олон арга байдаг талаар Сүн Чон Хян их сургуулийн эмнэлгийн эмч нар хэлдэг. Зайлшгүй хөхөө авхуулах шаардлага тулгарсан бол хөх авхуулах болон нөхөн сэргээх хагалгааг нэг дор хийдэг. Мэдээж хэрэг хагалгааны үйл явц удаан, эмч нарын баг өргөн бүрэлдэхүүнтэй, орж байгаа материал, техник гээд өртөг өндөртэй хэдий ч тухайн хүндээ давуу талыг үүсгэж байгаа юм. 5-6 цагийн унтуулгатай хагалгаанаас сэрэхэд хөхтэйгөө гарч ирж байгаа учраас сэтгэл зүйн хүнд цохилтуудад өртөхгүй байх боломжийг бий болгодог.
“Хөх нөхөн сэргээх хагалгаа 2-3 үе шаттай”
– Нөхөн сэргээх хагалгаа хүнд хагалгаа юу, дахин хөхтэй болоход ямар хугацаа шаардагдах вэ?
– Хөхөө авхуулснаас хойш дунджаар 6-12 сарын дараа хавдрын хяналтаа хийлгэх явцдаа нөхөн сэргээх хагалгаа хийлгэх боломжтой.
Хөхний нөхөн сэргээх хагалгааг хүнд биш том хагалгаа гэж хэлнэ. Хөх үүсгэх хагалгаа 2-3 үе шаттай хийгддэг. Үе шат гэдэг нь энэ тооны хагалгаа хийгдэж байж бүрэн төгс болдог гэсэн үг.Ихэнх тохиолдолд нэн тэргүүнд хорт хавдрын улмаас авхуулсан хөхийг хэрхэн бүрэлдүүлэх вэ гэдгийг шийдэж, хөхний массыг бүрэлдүүлж өгдөг. Тэр нь тухайн хүний өөрөөс нь авсан зөөлөн эд, булчин , өөхөн давхарга, арьс байж болно.
Эсвэл дан ганц суулгац, эсвэл энэ хоёрыг хавсарсан байдлаар хийдэг. Мөн эрүүл байгаа хөхний хэлбэр, хэмжээг шинээр үүсэж буй хөхний хэлбэр хэмжээнд тааруулан багасгана, эсвэл томруулна. Унжсан бол дээш болгож сойлт хийх гоо сайхны ажилбарыг зэрэг хийж болно. Энэ үе шатанд хагалгааны 70-80 хувь хийгддэг гэж хэлж болно.
Хоёрдугаар шатны хагалгаанд хөхний толгой, нөсөөг хийдэг. Энэ хэсгийг үүсгэхдээ хэсгийн мэдээ алдуулалттай хийж болох бөгөөд эхний хагалгаанаас хойш 3-6 сар хүлээгдэж хийгдэнэ. Үндсэндээ нөхөн сэргээх хагалгааны 2-3 үе шат 5-6 сар үргэлж дахин хөхтэй болно.
– Хөхийг нөхөн сэргээхдээ ямар материал ашигладаг вэ?
– Хөхийг нөхөн сэргээхдээ тухайн хүний өөрийнх нь эд, арьс болон хүний биед хэрэглэгдэх боломжтой бэлдэц, суулгац буюу имплантуудыг ашигладаг.
– Силикон, синтетик материал ашигласнаар сөрөг нөлөө үзүүлэх, эсвэл байнгын эмчийн хяналтад байх шаардлагыг бий болгох уу?
– Дээр дурдсан суулгац материалууд нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр үйлдвэрлэгдсэн байдаг. Үйлдвэрлэлийн шатандаа маш олон хяналтын байгууллагаар шалгагдаж хүлээн зөвшөөрөгдсөн байгаа.
Нөхөн сэргээх эмчилгээ өндөр хөгжсөн АНУ, Япон, БНСУ-д силикон материалаас гадна хиймэл арьсыг ашиглаж эхлээд байна.
Хөх нөхөн сэргээхэд ашигладаг имплант нь дугуй болон дусал хэлбэртэй бөгөөд хүний бие дотор хагарах аюулгүй байдаг аж.
/Зураг дээр дарж томруулж үзнэ үү/
– Хорт хавдрын улмаас хөхөө авхуулсан бүх хүн нөхөн сэргээх хагалгаа хийлгэж хөхтэй болох боломжтой юу?
– Аливаа хагалгаа тодорхой хэмжээний эрсдэлтэй, хагалгааны явцад хүндрэл гарч болзошгүй байдаг. Яг ямар хүнд нөхөн сэргээх хагалгаа хийх боломжтой вэ гэдгийг нарийвчилсан асуумж, үзлэг, шинжилгээ зэргийг үндэслэн шийднэ.
Энд нэг зарын чанартай зүйл хэлэхэд манай эмнэлэг энэ долоо хоногт буюу хоёрдугаар сарын 18-22-нд хорт хавдрын улмаас хөхөө авхуулсан иргэдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө өгөхөөр бэлтгэж байгаа.
– Хөх нөхөн сэргээх хагалгааг манай улсад хэдэн оноос хийж байгаа вэ. Хөгжингүй орнуудтай харьцуулахад энэ төрлийн хагалгаа ямар түвшинд байна вэ?
– Дэлхийн II дайны дараа үеэс анагаах ухаан тэр дундаа нөхөн сэргээх эмчилгээний салбарт томоохон дэвшлүүд эрчимтэй гарч эхэлсэн байдаг. Эхэн үедээ зөвхөн тухайн хүний өөрийнх нь биеэс авсан эд, эрхтнээр нөхөн сэргээх гэж оролддог байсан бол 1970-аад оноос шинжлэх ухаан хөгжихийн хэрээр силикон материал, биед суулгах боломжтой суулгацуудыг ашиглах боломж нээгдсэн.
Манай улсад ХСҮТ-д 2010-2012 онд хөх нөхөн сэргээх хагалгааг хийж байсан. Миний бие ХСҮТ дээр очоод хөхний мэс заслын багтай нь хамтран хагалгааг хийдэг байсан.
– Удахгүй БНСУ-аас хөхний нөхөн сэргээх чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч ирэх гэж байгаа гэж байсан. Энэ талаар тодруулж мэдээлэл өгөөч?
– Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагаатай. Уг хамтын ажиллагааныхаа хүрээнд хөхний нөхөн сэргээх хагалгааны чиглэлээр мэргэшсэн туршлагатай эмч болох Кан профессорыг гуравдугаар сард Монголд урьж авчрахаар төлөвлөж байна.
Ингээд боломж гарвал миний бие Кан багштайгаа хамтраад хөхөө авхуулсан иргэдэд үзлэг хийх, нөхөн сэргээх хагалгаа хийх зорилготой байгаа.
– Хөх нөхөн сэргээх хагалгаа дунджаар ямар өртөгтэй байдаг вэ?
– Ихэнх орнуудад нөхөн сэргээх төрлийн хагалгааг хөнгөлөлтэйгөөр улсын эмнэлгүүд нь хийдэг. Ингэхдээ ЭМД-аар хөнгөлөлт эдэлдэг зарчимтай.
Одоохондоо манайд энэ төрлийн хагалгаа даатгалд хамрагдаж хөнгөлөлт эдлэх боломжгүй байгаа учраас Улаанбаатар Сонгдо эмнэлгийн зүгээс аль болох хямд үнээр энэ үйлчилгээг хүргэхийг зорьж байгаа.
Түүнчлэн нөхөн сэргээх хагалгааны зардал, хэрэглэгдэх материалыг даатгалаар хөнгөлөх асуудал нааштай шийдэгдэх байх гэж найдаж байна.
– Ярилцсанд баярлалаа.