Түгээмэл асуултууд

Home / Түгээмэл асуултууд

Шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ Шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнө эм тариа ялангуяа бактерийн эсрэг антибиотик эмчилгээг зогсоох Хэт хурц, өөх тос ихтэй, халуун ногоотой хоол, согтууруулах ундааг 3 хоногийн өмнөөс хэрэглэхгүй байх

Шинжилгээг өлөн үедээ буюу хооллосноос хойш 6-8 цагийн дараа өгнө. Хоол нь амархан шингэх, өөх тос багатай хоол байвал зохино. Шинжилгээ өгөхөөс өмнө буцалсан ус, чихэргүй хар цай ууж болно.

Шээсний шинжилгээ өгөхөд анхаарах зүйлс Шээсний шинжилгээнд заавал өлөн шээс авч ирэх /Шээхгүйгээр ирээд лабораториос ариутгасан шил авч шинжилгээг өгч болно./ Шээсээ авч ирэх тохиолдолд шилээ маш сайн угааж цэвэрлэсэн байх ба хувийн ариун цэврийг сайтар сахиж шээсний дунд хэсгээс хангалттай хэмжээгээр авч ирэх Шээсний шинжилгээ өгөхийн урд өдөр улаан манжин зэрэг будагч бодистой хүнс болон шоколад, кофе, сироп гэх мэт чихэрлэг зүйлийг хэрэглээгүй байх шаардлагатай Биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг, биеийн тамир спортоор хичээллэдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хүчний дасгалаа зогсоосон байх. /явганаар удаан алхах, бодибилдинг, фитнес г.м./ Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үед шээсний шинжилгээ өгөхгүй байх

Цэрний шинжилгээ Урьдчилан лабораториос ариутгасан сав авах Цэрний шинжилгээ авах хамгийн тохиромжтой цаг бол өглөө эрт юм Шинжилгээ өгөхийн өмнө хоол идэж ууж болохгүй Өвчтөн амаа усаар сайтар угааж цэвэрлэнэ Өвчтөн амьсгаагаа гүн авч, толгойгоо бөхийлгөн цээжний гүнээс ханиалган цэрийг гаргана. Цэрийг аман дотроо барьж болохгүй. Шууд цэвэр сав руу нулимж гаргана.

Өтгөний шинжилгээ Жорлонгийн усыг сайтар татаж сайн цэвэрлээд суултуурт том салфетик дэлгэж тавиад хүндэрнэ. Өтгөнөөс ариутгасан шилэн эсвэл пластик савны таганд суурилагдсан халбагаар таслан авна. Баас нь шээсний хольцгүй байх ёстой.

Хэрэв та MRI аппаратаар шинжилгээнд орох гэж байгаа бол өөрийн биед төмөр биет байгаа эсэхийг бидэнд хэлж мэдэгдэнэ үү. Тухайлбал:

  • Нуруу нугасны хадаас
  • Түнхний үений хадаас, протез
  • Зүрхний хавхлага хоорондын төмөр биет гэх мэт

Шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?
Шинжилгээнд орохдоо ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцастай байна.
MRI шинжилгээний өмнөх хоол ундны талаарх зааварчилгаа нь шинжилгээнээс хамаарч өөр өөр байна. Зарим шинжилгээний үед 8-12 цагийн өмнө хооллосон байх шаардлагатай байдаг. Хэрэв танд ямар нэг зүйл урьдчилан анхааруулаагүй бол та ердийн дэглэмээр хооллож, эмээ ууж болно.
Зарим MRI шинжилгээний үед өвчтөнд тодосгогч бодис уулгах эсвэл судсаар тарих шаардлагатай байдаг. Дүрс оношлогооны эмч эсвэл техникч ямар нэг иод агуулсан болон рентген туяаны тодосгогч, эмийн бодис, хоол, орчин нөхцлийн харшил эсвэл багтраа өвчинтэй эсэхийг, мөн таньд ямар нэг хүнд хэлбэрийн эмгэг байдаг эсэх, эсвэл ойрмогхон ямар нэг хагалгаа хийгэсэн эсэхийг лавлах болно. Бөөрний хүнд өвчин болон зарим нэг эмгэгийн үед тодосгогч бодис хэрэглэхгүй.
Эмэгтэйчүүд жирэмсэн байх магадлалтай бол эмч болон техникчид зайлшгүй мэдэгдэх шаардлагатай. MRI шинжилгээ нь 1980 оноос хойш хийгдэж ирсэн ба жирэмсэн эмэгтэй болон урагт ямар нэг сөрөг нөлөө одоогоор тогтоогдоогүй байна. Гэвч шинжилгээ нь маш хүчтэй соронзон орон ашигладаг учир жирэмсэн эмэгтэйчүүд зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд л шинжилгээнд орох хэрэгтэй.
Шинжилгээнд орохоос өмнө үнэт зүүлт болон бусад чимэглэлүүдээ авсан байна. Металл ба цахилгаан хэрэгслүүд нь MRI-соронзон оронд нөлөөлж дүрсийг өөрчилдөг тул шинжилгээний өрөөнд авч орж болохгүй. Үүнд дараах зүйлс хамаарна:

  • Үнэт чулуун эдлэлүүд, цаг, төлбөрийн карт, сонсголын аппарат
  • Үсний хавчаар, металл цахилгаан товч, түүнтэй төстэй металл эдлэлүүд
  • Авагддаг шүдэлбэрүүд
  • Үзэг, халаасны хутга, түлхүүр, нүдний шил
  • Ээмэг бөгж, бугуйвч, зүүлт

Металл суулгацтай (implant) өвчтөнүүдийн ихэнхид MRI шинжилгээ аюулгүй боловч зарим суулгацын үед шинжилгээ хийж болохгүй. Үүнд:
Дотуур суулгасан дефибриллятор эсвэл пэйсмэйкер
Чихний дотор суулгац
Тархины судасны цүлхэнд тавигдсан хавчаарууд

Та техникчид ямар нэг эмчилгээний эсвэл цахим тоноглол биед чинь байгаа эсэх талаар мэдэгдэх хэрэгтэй. Эдгээр нь MRI-ийн соронзон оронтой харилцан үйлчлэлцэж эрсдэл дагуулж болзошгүй. Үүнд:

  • Зүрхний хиймэл хавхлагууд
  • Суулгагдсан тарианы зам
  • Зүрхний пэйсмэйкер зэрэг дотруу суулгасан цахим төхөөрөмж
  • Хиймэл мөч эсвэл үений метал протез
  • Суулгагдсан мэдрэлийн стимуляторууд
  • Стент, мэс заслын хавчаар, металл савх зэрэг

Цээж болон хэвлийн хөндийн Компьютер томографийн шинжилгээ

  • Шинжилгээнд орохоос өмнө 5-6 цаг өлөн байх
  • Шинжилгээнд орохоос өмнө ямар нэг металл товч, тоноглолгүй, бие бариагүй сул хувцас өмсөнө. Биед байгаа гадны зүйлсийг /цаг, хүзүүний зүүлт, гар утас гэх мэт/ шинжилгээнд орохоос өмнө тайлна
  • Хэрэв судсаар тодосгогч бодистой шинжилгээнд орох тохиолдолд 15-20 минутын өмнө сорил тавина. Харшлын урвал илэрвэл шинжилгээнд оруулахгүй
  • Шинжилгээ хийлгэхийн өмнө тодосгогч бодистой шинжилгээний зөвшөөрлийн хуудастай танилцаж гарын үсэг зурна.
  • Шинжилгээний төрлөөс хамаарч тодосгогч бодисыг уулгах болон шулуун гэдсээр хэрэглэж болно
  • Давсаг, бага аарцгийн эрхтэнүүдийг шинжлүүлэх гэж буй өвчтөний давсганд шээс хангалттай байх шаардлагатай
  • Хүнд болон маш хүнд өвчтөнийг шинжилгээнд оруулахдаа эмчлэгч эмч, сувилагч нар дагалдан ирнэ
  • Үйлчлүүлэгчид эмнэлэгт хэвтэж байгаа тохиолдолд өвчний түүхээ, амбулаториор үйлчлүүлж буй тохиолдолд эрүүл мэндийн гар картаа авчрах хэрэгтэй

Хэрэв Та даралтны эм тогтмол уудаг бол шинжилгээнд орох өдрөө эмээ заавал ууж ирнэ үү. Харин чихрийн шижин өвчний эм уудаг бол эмээ уухгүй ирэх ёстойг анхаарна уу.

Шинжилгээний өмнөх бэлтгэл
Үзлэгт орохын өмнөх өдрийн өглөө, өдөр амархан шингэхүйц бүхэл биш хоол иднэ. Орой болон шинжилгээнд орох өдрийн өглөө юм идэж ууж болохгүй. Үзлэгт орохоос өмнөх бэлтгэлийн явцад үртэй, өнгөтэй жимс, сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэх нь үзлэгт саад болох тул хэрэглэхийг хориглоно.

 

Туулгах эм уух заавар

  • Шинжилгээнд орохын өмнөх өдрийн орой 17 цагт 45 грамм усанд туулгах эмний хагасыг найруулж нэг дор ууна. Эмээ уугаад 10 минут болсоны дараа 4 литр буцалсан бүлээн усыг ойр ойрхон, бага хэмжээгээр ууна. Ус уух явцдаа аль болох хөдөлгөөнтэй /гэдсээ нар зөв эргүүлэх маягаар илэх, сууж босох, өрөөндөө алхах г.м/ байх хэрэгтэй. Шинжилгээнд орох өдрийн өглөөний 5 цагт 45 грамм усанд үлдсэн туулгах эмээ найруулж нэг дор ууна. Эмээ уугаад 10 минут болсны дараа буцалсан бүлээн усыг ойр ойрхон, бага хэмжээгээр үргэлжлүүлэн ууна. Өтгөний өнгө цайвар шаргал ус шиг өнгөтэй, бужмаггүй гарах хүртэл усаа ууна. /3-4литр/
  • Гэдэсний хананд үүссэн хөөсрөлтийг дарах зориулалт бүхий цэнхэр тагтай шингэнийг өглөөний 7 цагт дангаар нь ууна.

 

Анхаарах зүйлс
Туулгах эмээ зааврын дагуу уусан байна. Уусны дараа гүйлгэх болно. Ховор тохиолдолд эм уух явцад дотор муухай оргих шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд бохь зажлах, өнгөгүй гаатай чихэр хүлхэж болно. Аль болох эмээ огиж гаргахгүй, бөөлжихгүй байх хэрэгтэй. Бөөлжсөн тохиолдолд сувилагчдаа заавал мэдэгдэнэ.

Үйлчлүүлэгч Та гэдсээ дутуу цэвэрлэснээс болж зөв оношлогдохгүй, шинжилгээ үр дүнгүй болох, өвдөлт ихээр үүсэх, дурандуулах хугацаа уртсах, дахин эм ууж давтан дуранд орох зэрэг нэмэлт хүндрэлүүд гарахыг анхаарна уу.

Маш ховор тохиолдол боловч гэдэс дотор угаах явцад болон дууссаны дараа толгой эргэх, гар хөл бадайрах шинж тэмдэг илэрч болзошгүй. Энэ тохиолдолд бидэнд хандана уу.

Хэвлийн хэт авиан /ЭХО/ шинжилгээ

  • Өлөн үедээ буюу хооллосноос 4-6 цагийн дараа шинжилгээ өгнө
  • Биеийн жингийн илүүдэлтэй болон гэдэс дүүрдэг хүмүүс шинжилгээ өгөхөөс 3 хоногийн өмнөөс хий үүсгэх хоол унд (сүү, цагаан идээ, өндөг, хийжүүлсэн ундаа)-ыг хэрэглэхгүй байхаас гадна карболин (идэвхжүүлсэн нүүрс)-ийг өдөрт 1 ширхэгээр 3 удаа ууж хэрэглэж болно
  • Аарцгийн хөндийн эрхтэнүүдийг дүүрэн шээстэй давсагаар “цонхолж” хардаг болохыг анхаарах хэрэгтэй

Зүрхний цахилгаан бичлэг

  • Зүрхний өвчинд хэрэглэж буй эмээ уухыг зогсооно
  • Зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлэх кофе, согтууруулах ундааны зүйл зэргийг хэрэглэхгүй байх
  • Бичлэг хийхийн өмнө яарч сандарч болохгүй

Умайн хүзүүний хавдрын эсийн шинжилгээ

  • 48 цагийн дотор угаалга хийгээгүй байх
  • 7 хоногийн дотор үтрээний лаа, крем хэрэглээгүй байх
  • Бэлгийн харьцаанд ороогүй байх (24 цагийн дотор)

Гоо сайхны мэс засал хийлгэхэд анхаарах зүйл:

  • Хэрэв та витамин Е, загасны тос, Омега 3, аспирин болон аспирины төрлийн эм хэрэглэдэг бол хагалгаа хийлгэхээс 4 долоо хоногийн өмнөөс хэрэглэхээ зогсоох, эс бөгөөс цус алдах эрсдэлтэй. Мөн зарим төрлийн биологийн нэмэгдэл болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд ижил эрсдэл учруулж болох учир зогсоох хэрэгтэй.
  • Хэрэв та батганы эмчилгээний Isotretinoin (Roaccutance) эмийг хэрэглэдэг бол хагалгаа хийлгэхээс 12-18 сарын өмнөөс хэрэглэхээ зогсоох хэрэгтэй. Учир нь шархны эдгэрэлтийг удаашруулан сорви тогтоход нөлөөлдөг.
  • Хэрэв та тамхи татдаг бол хагалгаа хийлгэхээс өмнө болон хийлгэсний дараа 4 долоо хоног тамхи татахгүй байх. Учир нь тамхи арьсны цусан хангамжийг муудуулан шархны эдгэрэлтэнд сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал том сорви тогтоход нөлөөлнө.
  • Нүүр болон биендээ төрөл бүрийн чийгшүүлэгч шингэн болон нүүр будалт хийгээгүй байх хэрэгтэй.
  • Арьсанд даралт өгөхөөргүй тайлахад хялбар товчтой хувцас өмссөн байх.
  • Нүүр татах болон дух өргөх мэс ажилбарын хийлгэх тохиолдолд хагалгааны өмнөх өдөр үс болон нүүр, чихээ сайтар цэвэрлэсэн байх хэрэгтэй. Хагалгаанаас нэлээн хэдэн хоногийн өмнө үсийг будаж болох ба хагалгаанаас хойш 3 долоо хоногийн дараагаас үсийг будаж болно. Хэрэв таны үс маш богинохон бол хагалгааны дараах шарх эдгэрэх хүртэлх хугацаанд шархыг нуух хэмжээнд хүртэл үсээ ургуулах нь зүйтэй.
  • Хагалгааны өмнөх өдөр болон хагалгаанаас хойш 7 хоног согтууруулах төрлийн ундаа хэрэглэж болохгүй.