Улаанбаатар Сонгдо эмнэлгийн Дүрс оношилгооны тасгийн эмч Санчес Карпио Франск Эдуардотой дүрс оношилгооны тасгийн үйл ажиллагааны талаар ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Санчес Карпио Франск Эдуардо гэдэг. Би Эквадор улсын иргэн. 2008 онд ОХУ-ны Москва хотноо АУИС-ийг хүний их эмчийн мэргэжлээр төгссөн.Сургуулиа төгсөөд Монгол бүсгүйтэй гэрлэж Монголд амьдрахаар ирсэн. Энд ирээд ЭМШУИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтэд “Дүрс оношилгооны” нарийн мэргэжлээр суралцан, амжилттай төгссөн.
Суралцах хугацаандаа “Naran Friendship” дүрс оношилгооны төвд техникч болж, ажлын гараагаа эхлэж байлаа. 2011 оноос Улаанбаатар Сонгдо эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажиллаж байна.
-Яагаад Улаанбаатар Сонгдо эмнэлгийг сонгож ажиллах болсон бэ?
–Сонгдо эмнэлэг нь Монгол дахь дүрс оношилгооны сүүлийн үеийн өндөр нарийвчлал, хүчин чадалтай аппарат тоног төхөөрөмжтэй, хамгийн орчин үеийн эмнэлэг гэж би үзсэн учраас энд ажиллахаар шийдсэн. Бас өөрийгөө хөгжүүлэх том боломж гэж харсан юм. Мөн нийтэч, нөхөрсөг хамт олонд нь татагдсан.
-Дүрс оношилгооны тасгийн хувьд ямар тоног төхөөрөмж ашигладаг вэ?
-Манай эмнэлэгт бүх төрлийн дижитал рентген, хэт авиан оношилгоо /ЭХО/, ходоод бүдүүн гэдэс, уушгины дуран, компьютер томограф (CT), соронзон үелзүүрт томограф /MRI/ , хөхний рентген зураг /маммограф/, ангиограф, ясны сийрэгжилтийг тодорхойлох шинжилгээнүүд хийгдэж байна.
Бидний ашиглаж байгаа компьютер томографи /CT/ нь 64 зүслэгтэй, Siemens Somatom Sensation аппарат, соронзон үелзүүрт томограф /MRI/ –нь 1.5 Tesla Siemens Symphony аппаратууд байна. Эдгээр аппаратууд нь маш нарийн зүслэгтэй, өндөр нягтралтай, дүрсний гажуудал багатай зураг гаргадгаараа онцлог юм. Ийм дэвшилтэт технологийг манай эмнэлэг Монголд анх нэвтрүүлж байлаа.
-Та дүрс оношилгооны ямар чиглэлийн үзлэг, эмчилгээ хийдэг талаараа ярихгүй юу?
– Би рентген, хэт авиан оношилгоо /эхо/, цээжний компьютер томограф, үений соронзон үелзүүрт томограф /MRI/, хөхний рентген /маммограф/ болон хөхний хэт авиан оношилгоог хийж байна.
-Танай тасгаар үйлчүүлж байгаа иргэдийн хувьд дийлэнх нь ямар өвчлөлтэй байна вэ?
-Миний ажигласнаар уушгины хатгаа ,сүрьеэ, хавдарууд /уушигны, элэгний, ходоодны, хөхний хавдар/, элэгний хатуурал, үе мөчний архаг өвчнүүд иргэдэд зонхилон тохиолдож байна.
-Таны бодлоор ямар арга хэмжээ авбал эдгээр өвчлөл буурах вэ?
– Өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, үзүүлж зурших нь Монголчуудад хэрэгтэй байна. Ядаж ямар нэгэн зовиур бий болоход эмчид эрт ханддаг байх хэрэгтэй. Тухайлбал 40-өөс дээш насны эмэгтэйчүүд жилдээ 2 удаа хөхний хавдрын урьдчилан сэргийлэх үзлэгт ордог байх нь зүйтэй юм.
Бидний хэрэглэж байгаа орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд нь олон өвчний өөрчлөлтүүдийг эрт үе шатанд илрүүлэх боломжтой байдаг. Иймээс иргэд илүү нотолгоонд тулгуурласан мэргэшсэн баг хамт олныг сонгон үйлчлүүлж байгаарай.
-Та оношилгооны ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?
– Би мэргэжилдээ дуртай. Тийм дээ ч ажилдаа бүх сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэхийг зорьдог. Үүнд маань миний гадаад хэлний мэдлэг их хэрэг болдог. Би Испани, Англи, Орос, Монгол хэлтэй.
Манай эмнэлэгт хэрэглэгддэг PACSPLUS /Монголд анх нэвтрүүлж байлаа/ cистемийн тусламжтайгаар үйлчлүүлэгчдийн зовиур, лабораторийн шинжилгээтэй хослуулан дүрс оношилгооны дүгнэлтийг бичдэг. Ингэснээр бид зөвхөн дүрстэй харьцах биш, харин хүнийг цогцоор нь бүхэлд нь үнэлж дүгнэлт бичиж байгаа юм.
-Та бүхний цаашдын зорилго юу вэ?
-Улаанбаатар Сонгдо эмнэлэг нь Монгол Улсын хэмжээнд тэргүүлэх эмнэлэг байж, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлнэ гэсэн цаашдын зорилготой.
-Ярилцсанд баярлалаа.